2017-09-14

Сургалт

Техник, технологи хөгжсөн үед орон зайн мэдээлэл буюу байрлалд тулгуурласан мэдээллийг ашиглах хэрэглэгчийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Иймд хэмжил, зураглал, газар зүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын чиглэлээр хүний нөөцийн хөгжилд анхаарлаа хандуулах нь тус салбарыг өргөжин тэлэхэд чухал түлхэц болох юм.

Агаар, сансрын зураглалын технологи, техникийн ололтыг бусад хөгжингүй орны туршлага, хээрийн хэмжилтийн аргатай хослуулан төрөл бүрийн зориулалт, масштаб бүхий тоон байр зүйн зураг, сэдэвчилсэн зураг, ортофото, сансрын зургууд зэрэг орон зайн мэдээлэл боловсруулах, тэдгээрийг хэрэглээнд нэвтрүүлэх ажил нь бидний сургалтын голлох стратеги зорилт бөгөөд энэ нь манай орны хувьд шинэлэг хэрэглээний салбар юм.

Холбооноос зохион байгуулагдах мэргэжлийн сургалт нь кредитийн системээр онол, практик хослон явагдана. Анхан болон ахисан шатаар сургалт явагдах бөгөөд ахисан шатанд хэрэглээтэй хослуулан явуулна. Гадаад, дотоодын их дээд сургууль төгсөж энэ салбартаа амжилттай ажиллаж байгаа залуу судлаачдын хүчээр бусад залуусыгаа үр дүнтэй, практик сургалтаар хангах шаардлагатай. Сургалтын хөтөлбөр, материал нь Олон улсад нэр хүндтэй их сургуулийн системд үндэслэн боловсруулагдсан.

Явуулах сургалтын чиглэлүүд:

  • Газарзүйн мэдээллийн систем
  • Хот төлөвлөлт
  • Зайнаас тандан судлал
  • GNSS-ийн технологи